#6 ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БА АНХААРВАЛ ЗОХИХ ЗАРИМ АСУУДАЛ

2021-07-22

#6 ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БА АНХААРВАЛ ЗОХИХ ЗАРИМ АСУУДАЛ

iGeree төслөөс бэлтгэдэг хууль эрх зүйн сэдэвт цуврал нийтлэлийн энэ удаагийн нийтлэлээр иргэд, хуулийн этгээдийн хооронд байгуулдаг зээлийн гэрээг товч тайлбарлахыг зорилоо. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгодог зээлийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг хуулиар тусгайлан зохицуулдаг тул энэхүү нийтлэлийн хүрээнд энэ талаар авч үзээгүй, зөвхөн иргэн хооронд байгуулах зээлийн гэрээний талаар тайлбарласан болно.

Зээлийн гэрээ гэж юу вэ?

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Гэрээ нь талуудын чин хүсэл зориг, тэгш эрх, харилцан тэнцвэрт байдлын үндсэн дээр байгуулагддаг тэдгээрийн хоорондын харилцан хамаарал бүхий үйлдлийн дарааллыг тусгайлан зохицуулах зориулалттай баримт бичиг юм. Иймд талууд гэрээ байгуулснаар тэгш эрхтэйгээр хүсэл зоригоо илэрхийлж, хуульд нийцүүлэн өөрсдөө гэрээний нөхцөл, түүнийг хэрэгжүүлэх журмыг чөлөөтэй тохиролцох боломжтой.

Зээлийн гэрээний ач холбогдлууд

Зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулж болдог. Иргэд хоорондын энгийн зээлийн гэрээг амаар байгуулах нь сул тал ихтэй байдаг бол бичгээр байгуулах нь олон талын ач холбогдолтой байдаг. Тухайлбал:

  1. Нотолгооны ач холбогдол. Зээлийн гэрээг амаар хийснээр маргаан үүссэн тохиолдолд талуудын хооронд өгсөн, авсан мөнгөний хэмжээг нотлоход хүндрэл учрах нь түгээмэл. Харин зээлийн гэрээг бичгээр хийснээр зээлийн хэмжээ, нөхцөл, эргэн төлөх хугацаа, зээлийг буцаан шаардах зэрэг үйл баримтыг нотлоход чухал үүрэг гүйцэтгэдэг.
  2. Хүү, алданги авах боломж. Амаар байгуулсан гэрээний нөхцөл, хэрэгжилтийг нотлох боломжгүй, нотлоход төвөг учирдгаас гадна хүү, алданги тооцох боломжгүй болохыг хуульд заасан байдаг. Зээлийн гэрээг бичгээр байгуулснаар хүү, алданги авах боломж бүрддэг.

Зээлийн гэрээг байгуулах хугацаа

Зээлийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болдог. Зээлийн гэрээнд зээл буцаан төлөх хугацааг заагаагүй бол Зээлдүүлэгч зээлийг буцаан төлөхийг шаардсанаас хойш нэг сарын дотор Зээлдэгч зээлээ буцаан төлөх үүрэгтэй байна.

Хугацаатай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол гагцхүү талууд урьдчилан тохирсон буюу зээлдүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанаас өмнө буцаан төлж болно. Харин зээлийн гэрээгээр хүү тогтоогоогүй бол зээлдэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийг буцаан төлөх эрхтэй байдаг.

Зээлийн гэрээг байгуулахад анхаарах зүйлс

Хүү төлөхөөр тогтоосон зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах ба гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд Зээлдэгч Зээлдүүлэгчээс хүү авах эрхээ алддаг. Зээлийн гэрээний хүүг талууд харилцан тохиролцож тогтооно. Мөн хүүгийн хэмжээ нь Зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байхаар бол зээлдэгчийн хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болдог. Гэвч энэ тохиолдолд Зээлдэгч эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь илт хохиролтой болохоо баримтаар нотлох шаардлагатай.

Түүнчлэн, талууд зээлийн үүргээ биелүүлээгүй бол алданги тооцохоор тохиролцож болдог бөгөөд энэ тохиолдолд гэрээг заавал бичгээр байгуулахыг мөн шаарддаг. Мөн хуульд алдангийн дээд хэмжээг хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувь байхаар тогтоосон байдаг.

Зээлийг бэлэн мөнгөөр Зээлдэгчид шилжүүлэх, мөн буцааж төлөх тохиолдолд “Мөнгө хүлээлцсэн тухай баримт” үйлдэж, талууд гарын үсгээ зурж баталгаажуулах нь зээлийн гэрээнээс учирч болох эрсдэл, маргаан гарахаас урьдчилан сэргийлэх, талуудын хооронд шилжүүлсэн мөнгөн төлбөрийн хэмжээг хөдөлбөргүй нотлох давуу талтай.

Зээлийн гэрээг хаанаас авах вэ?

Хэрэв та иргэн, хуулийн этгээдтэй энгийн зээлийн харилцаанд орох гэж байгаа бол зээлийн гэрээг бичгээр байгуулах, гэрээгээр заавал тохирох зүйлсийг гэрээндээ тусгах болон энэхүү нийтлэлд заасан зүйлсийг анхаарах зэргээр зээлийн гэрээтэй холбоотой түгээмэл үүсдэг эрсдэл, хүндрэлүүдээс сэргийлээрэй. Мөн эдгээр шаардлагуудыг хангасан, мэргэжлийн хуульчдын бэлтгэсэн зээлийн гэрээг www.igeree.mn сайтаас өөрийн хэрэгцээ, шаардлагад тохируулан хоромхон зуур угсран авах боломжтой.