#9 ГЭРЭЭ БАЙГУУЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ

2022-06-21

#9 ГЭРЭЭ БАЙГУУЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ

 

Гэрээг бичгээр хийх нь тодорхой хэмжээний зардал гардаг ч энэ нь ирээдүйд учир ч болох төөрөгдөл, зардал, хохирлыг багасгах эерэг нөлөөтэй байна. Гэрээний төрлөөс хамаарч хэлбэрийн шаардлага амаар, бичгээр болон нотариатаар гэрчлүүлэх нэмэлт шаардлагатай байдаг. Хэдийгээр зарим төрлийн гэрээг амаар байгуулж болох ч ийнхүү байгуулсан гэрээ нь тохиролцсон зүйлийнхээ талаар төөрөгдөх, гэрээний шаардлагатай зүйлийг хэлэлцэхгүй орхих дутагдал ихтэй. Тиймээс хэлэлцээрийн үед тохиролцсон зүйлээ сайтар тэмдэглэж гэрээгээ бичгээр байгуулж гарын үсгээ зурах нь хамгийн найдвартай. Жишээлбэл, орон сууц хөлслөх гэрээнд тухайн орон сууцыг тавилгын хамт түрээслэх эсэх дээр гэрээний талууд өөр өөр ойлголттой үед гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үр дагавар үүсэх боломжтой байдаг. Тиймээс гэрээг бичгээр хийх нь дараах ач холбогдолтой байдаг.

  1. Нотолгооны ач холбогдол. Талуудын хийсэн гэрээнээс үүдэлтэй маргаан гарах үед. Шүүхийн шатанд бичгэн гэрээ нь талууд тухайн гэрээг байгуулсан гэх хамгийн үр дүнтэй нотлох баримт болдог. Харин зарим гэрээний хувьд буюу Зээлийн гэрээг хүүтэй байгуулах тохиолдолд заавал бичгээр байгуулах шаардлагатай байдаг. Хэрэв хүүтэй Зээлийн гэрээг амаар байгуулсан тохиолдолд хүү авах эрхээ алддаг онцлогтой. Тийм учраас гэрээг бичгээр байгуулах нь нотолгооны чухал ач холбогдолтой юм.
  2. Тодруулах ач холбогдолтой. Гэрээ байгуулах үед талууд нь тодорхой нөхцөлүүдийг тохиролцдог бөгөөд үүнийгээ хоёр тал өөр өөрөөр ойлгосон байх магадлалтай байдаг. Харин тохиролцсон нөхцөлүүдийг бичгээр байгуулсан гэрээнд тусгаснаар илүү тодорхой болж талуудын дунд үл ойлголцох асуудал гардаггүй. Жишээлбэл, А нь Б-д орон сууц зарахаар тохиролцжээ. Харин орон сууцын тавилгыг зарахгүй байхаар А төлөвлөсөн ба харин Б нь тавилгыг гэрээний зүйлд хамааруулж  байжээ. Энэ тохиолдолд худалдах худалдан авах гэрээг бичгээр хийсэн нь талуудын гэрээний зүйлийг илүү нарийн тодорхойлоход хэрэгтэй юм. Хэрэв аман хэлбэрээр хийвэл, орон сууцны тавилга гэрээний зүйлд хамаарч байгааг талууд мэдэхгүй өнгөрөх эсхүл дурдахгүй өнгөрөх асуудал үүснэ. Мөн талууд ойлгомжгүй нөхцөл тусгасан бол түүнийг Иргэний хуульд зааснаар тайлбарлаж нэг мөр зөв ойлгох боломжтой байдаг.

Тиймээс гэрээг бичгээр байгуулсан нь амаар тохирсон тохиролцоо, хэлцлээс илүү давуу талтай бөгөөд гэрээнээс үүдсэн маргааныг алдаа дутагдалгүй шийдэх боломж бүрддэг.

Хэрэв та гэрээгээ бичгээр байгуулж, болзошгүй эрсдэлээс зайлсхийхийг хүсвэл мэргэжлийн хуульчийн боловсруулсан гэрээг www.igeree.mn  сайтаас та өөрийн хэрэгцээнд нийцүүлэн хоромхон зуур угсран авах боломжтой.